Намайг зүрх муутай жаахан хүүхэд байхад аав маань хэлэхдээ сүнс чөтгөр энэ тэр гэж байдаггүй юм гэж тайвшруулж билээ. Угийн нууцлаг далд ертөнцийг мэдэх хүсэлдээ автсаар яваад би янз бүрийн шашны номлолуудыг ихэд шимтэн уншиж, шри шри бясалгалд явж, далд ертөнцийн тухай ном сэтгүүл эргүүлж, тэр ч байтугай хүмүүсээр ийм зүйл их яриулж билээ. Гэвч миний бие энэ талаар хангалттай мэдээлэл авч чадсангүй. Яагаад зарим хүний сүнс газар дэлхийд хоргодож, Яагаад аглаг зэлүүд газарт осол болсон тэр газарт ижилхэн осол үргэлжлэн гарч, яагаад зарим хүн ирээдүйг тааварлан зөгнөж, яагаад зарим хүн гэнэт өөрчлөгдөн өөр хүн болж байгаа энэ бүхний учрыг нь олохын тулд ихэд хичээн хайж ирсэн хүсэл зоригыг минь бурхан тэнгэр анзаарчээ. Яг одоо надад Эмануэл Шведенбургийн тэнгэрийн орноор аялсан сүнсэн ертөнцийн цэгцтэй мэдээлэл бүхий ном байна. Тиймээ энэ номын чухал хэсгүүдийг хүмүүст байгаагаар нь хүргэж, магадгүй та бүхэн нөгөө ертөнцийн тухай мэдэх юм бол... Та бүхний нөгөө ертөнцийн талаарх бүдэг бадаг муухан мэдээлэл тодрон айх айдас багасч тэр ч байтугай харанхуйд гэрэлт чийдэн барьж яваа мэт тийм гайхалтай мэдрэмж, мэдрэх буйзаа. Энэхүү блогыг надад янзлан хийж өгсөн Ганхүү анд болон Өнөрөө, Шилдэг нарт маш их баярлалаа. Мэдлэггүй байдал хэзээд айдсыг дагуулна гэдэг билээ. Миний та бүхэнд бичиглэх зүйлд та бүхэн итгэж бас итгэхгүй байсан ч ялгаагүй энэ бүхэн угаасаа л байдаг билээ. Цаашдаа илүү тодорхой зүйл бичих учраас та бүхэн дараах зүйлийг сайтар тунгаан уншаарай.
- Сүнсэн ертөнц оршин тогтноод зогсохгүй, тэнгэр бурхан энэ бүхнийг бүтээсэн. Эхийн хэвлийгээс газар дэлхийд төрсөн хэн бугай ч бүгд алга болохгүй мөнхөд амьдрахаар байдаг. Зарим хүмүүс -тэгээд мөнхөд амьдрахаар байсан бол шууд сүнс болохгүй нь яасан. хэмээн дур зоргоор хэлсэн байдаг. Аливаа зүйлд шат дараалал гэж бий. Жишээ нь эрвээхэй дээр жишээ татая. Эрвээхэй нь анхлаад өт хорхой болж төрөн дараа нь хүр хорхой болж эцэст нь дотроосоо тэлж задгай тэнгэрт нисэхээр далавчтай болж одоо л нэг эрвээхэй болдог. Бидний амтархан идэх дуртай жимс ч гэсэн ийм шат дарааллаар явж жимс болон боловсордог. Тэгэхээр юу юугүй амьдралын амтанд ороогүй юм байж шууд сүнс болно гэж үү?
- Бидний бие үнэндээ хоёр хэсэг. Нэг нь махбодь бөгөөд нөгөө нь сүнсэн бие юм. Бидний бие махбод үнэндээ сүнсэн биеийг тэтгэх сав буюу сүнсэн биеийн хэрэглүүр болой.
- Хүн дээд тэнгэрээс заяасан насаа элээвээс сүнс аяандаа бие махбодиосоо салан явдаг. Үүнийг газар дэлхий дээрх үхэл гэдэг ч сүнсэн дэлхийн хувьд шинэ төрөлт юм. Үхэж байгаа нь бие махбодь болохоос сүнсэн бие диваажинд очоод мөнх амьдардаг.
- Амиа хорлоно гэдэг нь яавч сайныг авчирдаггүй. Бие махбодь үхэж байгаа болохоос биш өөрийгөө бүрэн устгасан зүйл биш юм. Өөрийгөө хороосон хүн диваажинд очиж чадахгүй газар дэлхийд хорогдон чөтгөр болон тэнүүчилдэг муу сүнс болно. Тэгж байгаад там руу явдаг.
Уншигч нар аа!
Дээрх дөрвөн төрлийн зарчим зүй тогтолыг мэргэн оюундаа эрэгцүүлэн тунгаан удахгүй бичигдэх дараа дараагийн сэдвүүдийг нухацтай уншина уу. Баярлалаа





